June 29, 2015
Цөхрөв
Чамруу бичсэн 31 ууртай, гомдсон, цөхөрсөн, гуйсан, гутарсан, шаналсан, хайрласан шуудангууд. Төгсгөл бүр нь битгий хариу бичээрэй, би ингэж байгаад өөрөө больчихно гэсэн гуйлт. Өөрт ч үнэмшилтэй санагдахгүй энэ хэдэн үгсийг, утсаа авуут нүдэнд харагдах чиний хаягийг, чаддаг бол эрээчээд, болдог бол мартаад чигээрээ алхахсан.
Миний жинхэнэ хайр бүтэж байсан удаагүй ээ. Харин хүнийг хайрлах гэж хичээж үзсэн. Халамжит хань, эрх охин шиг дүр эсгэж үзсэн ч аль нь ч бүтээгүй. Чамтай учраад харин нэг нэгэндээ хайртай хүмүүс ямар байдгийг, харамлах, хайрлах, үнсэх, эрхлэх бүгд ямар байдгийг мэдэрсэн. Нэгэндээ хайртай бол юу ч өөрчилж чадахгүй гэж итгэдэг, хүсэл сонирхол, үзэл бодол бүгд өөр ч гэсэн хайр л байхад болно гэж итгэхийг хүссэн. Зүгээр л итгэхийг хүссэн. Зүрхний гүнд худлаа гэж мэдэж байсан ч чиний инээмсэглэлийг хараад бүгдийг мартдаг, бодит үнэнтэй зүрх минь зөрчилдөж яахаа мэдэхгүй нулимс унагаж байхдаа чамд л тэврүүлээд тайвширдаг байжээ.
Одоо надад хайр биш мэдрэмжиндээ хамт амьдардаг хүн хэрэгтэй юм байна. Адил мэдрэмж, адил зүйлээс сэтгэлийн таашаал эдлээд амар амгалан л байхад болох юм байна. Бүхнийг ухааруулсанд, хайранд сохорвол бүдрэх амархан гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа.
Чи надаас хэдийн хөндийрсөн, миний туулж буй сэтгэл зүйн хүнд үеийг аль эрт давчихсан ч гэсэн тэвчээртэй байж өгч байгаад баярлалаа.
Тун удахгүйдээ. 32 33... гээд захидлууд хөвөрсөн ч төгсгөл нь адил, хэзээ ч хариу хүсэхгүй байгаагаа л дахин хэлье. Гуйя.
Чи миний хувьд тэр инээмсэглэл, тэр л чанга тэврэлт, тэр л хацар дээрх үнэрлэлт, бүхий л мэдрэмжээр дурсагдах болно!
Харин чамайг тавьж явуултлаа ахиад л гуйсаар л байна байх. Уучлаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment